“ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 3-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Т.ТУУЛ

“Үнэтэй хогийн сав гудамжинд авч тавилаа гээд тэр хөгжил биш, харин тэр чамин хогийн савны хажууд бөртийх ч хоггүй байвал тэр жинхэнэ хөгжил”

   Ээж минь “Ганц хуудас дэвтрийн цаас ч байсан хайрлаж бай” гэж үргэлж захидагсан. Харин би “Одоо энийг би хайрлаад үнсээд л байх уу, зүгээр үү” гэж өөдөөс нь егөөдөж шөргөөцөлдөнө.

Нэг удаа ээжийг эзгүй хойгуур хөшигөө тэг дундуур нь хаачилчихаад ээжээрээ нэг сайн барцадаа гаргуулж билээ. Тухайн үед ээж надад биш хөшгөндөө л хайртай юм байна гэж бодон тунирхана. Харин орой унтахын өмнө ээж намайг үнсээд “Эдээ эвдэнэ гэдэг уруудахын шинж, харин хайрлана гэдэг өөдлөхийн нэр” гэсэн утгатай зүйл хэлж охиноо уйлуулсанд уучлаарай гэлээ.Тэр мөчид 5 насанд баймгүй гашуун нулимс гадна доторгүй асгарсан юм. Харин тэг дундуураа хайчлагдсан хөөрхий хөшиг харах болгонд намайг ёврох шиг болно.

 2007 он.

 Бага байхад “Эхнэрийн урхи” ОАК-г их шимтэн үздэг байлаа.Аливаа зүйлд хүний анхаарлыг татах хүч заавал байдаг. Тэр киноны хувьд зохиолоос илүү урьд хожид үзэгдэж харагдаагүй тухайн улсын хөгжил цэцэглэлт миний сонирхолыг татдаг байсан юм.

  Мэдрэгчтэй нугардаг утаснууд, гял цал болсон машин, тэр ч байтугай хүнд мэнгэ хийж, хумсыг нь сугалж буцаан суулгаж, тэнгэрт тулсан барилгын орой руу цахилгаан шатаар хэдхэн хормын дотор гарчихдаг гээд л үзэх тусам хорхой хүрэм энэ мөчүүд жижигхэн улсын нэгэн аймгийн охинд хүрч чадамгүй хөгжил байсан биз ээ. Хэрэв яг ийм гоё зүйлс манай улсад байдаг бол хүн бүр аз жаргалтай болох юм шиг төсөөлдөгсөн.

  1.Харин одоо 2019 он.

 Бид мэдээллийн эрин зуунд өөрсдийн эрх чөлөөгөө тунхаглан амьдарч байна. Хэдхэн жилийн өмнө хүн бүхний хүсэл, зарим нэгний огт мэддэггүй байсан гар утас гэгч зүйл одоо бидний энгийн хэрэглээ болжээ. Хүнд мэнгэ хийлээ гэж гайхаж шогширч байсан үе талийж, хүнд эрхтэн суулгаж эгээтэй л толгойг нь шилжүүлчихээгүй байна. Энэ бол яалт ч үгүй хөгжил мөн. 10 гаруйхан жилийн өмнө хүсдэг байсан тэр бүхэн биеллээ олжээ. Харин харах өнцөг өөрчлөгдсөн ч хүлээж авах, хандах хандлага өөрчлөгдсөнгүй.

  Эцэг эхээрээ шинэ утас авахуулаад эхний хэдэн өдөр утсаа үнсэх нь халаг байдаг байснаа бага зэрэг удаад ирэхээр огт тоохоо больж дэлгэц нь хагарсан ч юман чинээ бодохоо больдог хүүхэд шиг бид өөрсдөдөө, ирээдүйдээ яг тэгж л ханддаг. “Хүн гэдэг тэнэг амьтан шүү” гэж хүмүүс өөрсдөө ярьдаг. Энэ оргүй зүйл бишээ. Үнэтэй орон сууц, машин авахын тулд хэдэн арван жилийн өр зээл тавьж, тэрийгээ төлөхийн тулд борви бохисхийлгүй ажиллана. Хүнд ажил, өндөр зээлний дарамтанд бухимдаж хайртай дотны хүмүүстээ тэр бухимдлаа гаргана. Өндөр төлбөр төлөн авсан зүйл нь хүний ухамсрын хэрэгцээнд тааруулж гэмтэнэ. Дахиад л уур нэмэх нь өр. Энэ яг жаргалтай амьдрал мөн үү?. Далай лам хэлсэн байдаг.

“Хүн гэдэг амьтан бүхий л  насаараа мөнгөний төлөө биегүй болтлоо амьдарч эцэс сүүлд нь тэр мөнгөөрөө өөрийгөө эмчилдэг”

Хүнээс дутахгүй гээд хоосон ч хамаагүй хоноод гоёдог, хангалттай тухтай байшин байж л байхад тэрэн дээрээ хэд гурван цаас нэмж байгаад бүр томсгоно. “Эрдмээр биеэ чимэхээр эдээр биеэ чим” гэдэг үг модонд орчихсон. Яг энэ үзэл л бидний дунд аль хэдийн тахал болон тархсан. Гэхдээ энэ бүгд миний 7-н насны гэгээн хүсэл байгаагүй юм шүү. Би ч гэсэн буруу бодсон. Үнэн хэрэгтээ хөгжил гэдэг бидний цаг ямагт тохиолддог ч төдийлөн чухалчилдаггүй, анзаарсан ч албаар үл тоон орхин явдаг тийм л зүйл байж.

   

Бид нэг гараараа барьсан зүйлээ нөгөө гараараа нураасаар ирсэн. Хамгийн наад зах нь л гэхэд автобусанд явж байхад хөл нь доглосон бяцхан хүүд сандал тавьж өгөлгүй 5 буудал явуулсан залуучууд. Хэн нэгний эд зүйлийг хулгайлж байхад харсан ч хараагүй юм шиг царайлсан амиа хичээгчид. Үнэнийг зөвхөн нэг л хүн нотлох гэж хичээж байхад үнэн гэдгийг мэдсээр байж сонсоогүй царайлж чаддаг дүлийчүүд. Гудманд тавьсан бүтэн сандлыг хэдэн хэсэг болгочихоод юу ч болоогүй юм шиг шүлсээ хаяаад явдаг нийгмийн цөөнх. Энэ хүмүүс бүгд л хөгжил дэвшилд дуртай.Үгүй ээ… Тэр жоохон хүү чинь бидний ирээдүй.

Танийг хөгшрөөд хөлөө зөөж ч чадахгүй болсон байхад тэр хүү том залуу болчихсон бидний илгээсэн хандлагын дагуу танд сандал тавьж өгөхгүй бол сайхан гэж үү?. Таны харсан хулгайч хэзээ нэг цагт өөрийн чинь хамгийн эрхэм нандин зүйлийг чинь суйлчихвал өөрт чинь туслаагүй хүмүүст та гомдоллох уу?

Нийгэмд бүгдийн эрх ашиг зөрчигдөж байхад нэг хүн бүгдийн төлөө зориглон хөдөлсөн ч хүч нь хүрэлгүй ялагдана. Тэгээд тэр хүн бусдын төлөө хохирох нь сайхан байх уу?  Хэн нэгний сайн дураараа хийж тавьсан сандлыг юу ч үлдээлгүй эвдэлсэн байхад тэр хүн дахиж нэгийг босгох болов уу? Ер нь хэн ч оролдохгүй л болов уу.Нийгмийг хүмүүс бий болгодог. Харин хүнийг хандлага бий болгоно. Чамайг тэтгэвэрт гарсан хойно улс эх орон минь ямар байх талаар төсөөлөхийн оронд гэртээ байгаа хүүхдээ аль эсвэл дүүгээ хар. Тэнд бидний ирээдүй бий.

   Өөрөө хийж чадахгүй ч гэсэн өрөөл бусдын хийсэн зүйлийг өөлж гоочилж эвдэж сүйтгэх хэрэггүй. Харин ганц ч болов хэл сурахын тулд хичээвэл ирээдүйд тань хэрэгтэй. Нийгэм өөрөө хөгжил дэвшлийг цаг хугацааны эрхэнд дагуулаад ирнэ. Харин хүн бол ирсэн зочныг байлгах уу аль эсвэл хөөж явуулах уу гэдгийг мэддэг.

 “Хүссэн зүйлээ авч чадаагүй бол та зовж шаналдаг, хүсээгүй зүйлтэй болсон ч та бас л шаналдаг, хүссэн зүйлээ авсан ч бас л та шанална, яагаад гэвэл та мөнхийн зүйлтэй байж чадахгүй. Таны оюун санаа гэдэг бол таны шаналал. Элдэв өөрчлөлтөөс ангид байхыг хүсдэг, өвчин зовлон, амьдралын хариуцлага, үхлээс. Гэвч өөрчлөлт гэдэг бол хууль юм, энэ бодит байдлыг юу ч, хэн ч өөрчилж чадахгүй”.      Сократ

   Хорвоо бидэнд 100 оноог өгдөг харин бид алдаа болгоноосоо оноогоо хассаар юу ч үгүй болоход эргээд хорвоо руу бүх буруугаа чихдэг. Хандлага биднийг инээлгэх үү эсвэл уйлуулах уу гэж үргэлж өөртөө мөрий тавин тоглодог. Хүн мөнгөний мөн хорвоогийн боол битгий байгаасай. Сөрөг бодол, хандлага хоёртоо уягдаж хүлүүлэлгүй хувь заяаныхаа эзэн нь байгаасай. Энэ бол ертөнц дахины хөгжил гэх энэ үзэлдээ үнэнч байж чадах нь эх ороныхоо ирээдүйн хөгжил оруулж чадах миний хувь нэмэр.

“ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 3-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Т.ТУУЛ