“ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 1-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Н.УУГАНБАЯР

Миний бодлоор залуу хүнд засах ёстой 3 алдаа бий. Ганц эх орны хөгжил гэлтгүй бидний амьдралд нөлөөлдөг 3 зүйл ажиглагдаж байгаа учраас үүнийг дэлгэрүүлье. Хамгийн эхнийх нь шалтаг. Би илтгэлээр хичээллээд 6 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд олон ч удаа бүтэлгүйтэж бас нулимстай зогсож байлаа. Тиймээ та зөв сонссон. Нулимстайгаар. Өөрийн нэгэн түүхийг хуваалцья. 2016 оны 11 сарын 22-ны өдөр сагсны тэмцээнд оролцож байхдаа баруун хөлийнхөө шилбийг нарийн бүдүүн ястай нь хамт хугалж байлаа. Үүнээс болж шагайнаасаа өвдөг хүртэл битүү хадуулж хэвтэрт орохоос өөр аргагүй болсон юм. Алхах боломжгүй зөвхөн орондоо л хэвтэж өнгөрүүлсэн үүнийс хойшх 3 сар маань надад хүнд эрүүл байх, хүссэн газар луугаа зовиургүйгээр явах ямар чухал болохыг ойлгуулсан юм. Чухам тэр үед л гайхамшиг болсон.

Хөлөндөө хадаас хадуулаад 10 хонож байхад миний удаан хугацаанд бэлдэж хүлээсэн мэтгэлцээний тэмцээн явагдах болов. Юу ч болсон хамаагүй оролцох л ёстой, чадах л ёстой гэсэн бодол хөлнийхөө оёогоо ядаж авхуулаагүй гэсэн бодлоос илүү хүчтэй төрж байлаа. Суга таягтай намайг түшээд тэмцээнд хүргэж өгөхдөө аавын минь хэлсэн “Болгоомжтой байгаарай” гэсэн хоёр үг одоо ч дурсамжаас минь салдаггүй. Миний оронд байсан бол ихэнх хүмүүс шалтаглаад гэртээ үлдэх байсан байх. Тэр өдөр 6 дараалан хожил аваад ааваараа хүргүүлэн буцаж явж байхад жинхэнэ ялалт индэр дээр биш, үүрээр 4 цагт босоод босох гэж оролдож эхэлсэн тэр үед л байсан гэж бодогдсон юм. Залуу хүнд шалтаг хэзээ ч зохихгүй. Босох уу, босохгүй юу гэдэг таны сэтгэл зүйгээс л хамаарна.

2-рт бид ажлыг хоёрын хооронд хийж бидний хэлдгээр халтуурдадгаараа алдартай улс. Миний хайрт зохиолч Айн Рэнд “Эрх чөлөө гэдэг бол үүрэг хариуцлага юм” гэж хэлсэн байдаг. Хэн ч чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй тул өөрийнхөөрөө л явах хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ  бусдын үгээр үйлдэл хийчихээд түүнийгээ сайн хийж чадалгүй бүтэлгүйтсэнийхээ дараа буруугаа бусдаас хайж эхэлдэг. Олон үе тэнгийн залуусаа би харсан. “Энэ хэрэгтэй, шаардлагатай гэж аав ээж хэлсэн. Тэр ах намайг эмч болвол ирээдүйд ажлын байртай болно гэсэн” гэдэг. Энд л гол асуудал байна. Бид дуртай зүйлээрээ биш зөвхөн одоогийн эсвэл ойрын 20 жилд эрэлттэй байх мэргэжлээр суралцаж байна. Талхыг томъёогоор биш хутгаар зүсдэгтэй адил залуус бидэнд онолоос илүүтэйг практик хэрэгтэй. Энэ бодлоо батлахын тулд нэг баримт хэлье.

Bloomberg TV Mongolia-гийн техник технологийн хөгжил нэвтрүүлгээр хүргэсэн нэгэн судалгаанд дурдсанаар Монголд 3 төрлийн IT компаниуд байдаг. Нэгт: тендерийн төлөө өрсөлддөг буюу улс төрийн оролцоотой IT компаниуд. Хоёрт: IT гийн салбарыг үнэгүйдүүлж буй чадварлаг бус IT компаниуд. Гуравт: Бор зүрхээрээ явж байгаа компаниуд. Энэ баримт өмнө дурдсан асуудлын маань баталгаа болж байна. Мөн нэмээд нэг дүгнэлт байгаа. Хэрвээ аль нэг салбарт хүч үзье гэж бодож байгаа бол тухайн салбараа үнэгүйдүүлж болохгүй. Хэн нэгэн дарга цэрэгт хувь ноогдуулж, шударга бус өрсөлдөөнийг бий болгохгүй байх, гэсэн үндсэн зарчим харагдаж байна, тэгвэл үүнийг яаж хэрэгжүүлэх вэ? Ажлыг халтуурдахгүй тулд боловсролыг зөвхөн их сургуулийн орчноор хязгаарлаж үл болно. Боловсрол дутсанаас болж ажлыг оромдох эхний алхам эхэлдэг.

Гурав дахь асуудал буюу хамгийн чухал нь: дуртай зүйлээ хэзээ хийхээ мэддэг байх. Миний бодлоор залуус бид дуртай зүйлээ хийх нь чухал гэдгийг мэддэг ч цаг хугацааны төлөвлөгөө гаргадаггүй. Үүнд: “Би төгсөөд энэ ажлыг эхлүүлнэ. Гэхдээ 2 жилийн дараа. Учир нь одоо санхүүгийн боломж алга” гэх мэт. Гэтэл таны хийх гэж буй төсөл, бизнесийн яг зөв цаг үе нь өнгөрчихсөн байвал яах вэ гэдэг асуудал. Өөр нэг жишээ. Бидний сайн мэдэх Youtube онцгой бизнес модель эсвэл санхүүтэй байгаагүй. Дэлхий нийтээрээ өндөр хурдны интернетэд шилжиж эхэлсэн үед гарч ирсэн бизнес. Хэрвээ яг хоёр жилийн дараа эхэлсэн бол цаг үеээсээ хоцрох байсан.

Airbnb компанид анх бусдаас ялгараад байх зүйл байгаагүй боловч тухайн цаг үеээ мэдэрч чадсан. Америкт гадны хүнийг гэртээ хонуулах нь бүү хэл оруулах нь ховор байсан ч эдийн засгийн хямралын үеэр Airbnb мэндэлсэн юм. Гарсан даруйдаа байраа хөлслүүлэх, байр хөлслөх сонирхол бүхий хүмүүсийг холбож өгснөөрөө амжилтанд хүрсэн.

Миний хувьд Их сургуулиа 1-р курсын дундаасаа зоригтойгоор орхиж нийт 2 жилийн хугацаанд 6 өөр төрлийн бизнес эрхэлж гурвыг нь амжилттай, нэгийг нь улирлын чанартай явуулж байна. Үүнээс задлан хийвэл анхны бизнес болох номын хавтас хийснээрээ зах зээлийн худалдан авалтын эрэлт нийлүүлэлтийн бодитоор ойлгосон. Коктэйлний бизнесийн ачаар хэрэглэгчийн зан төлвийг судалж бага өртгөөр ихийг, аялал жуулчлалын компани нээснээр байгууллагын менежментийг судалж Питер Дракэрийн зохиолуудтай танилцхад хүргэсэн. илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтын төв ажиллуулснаар өөрийгөө болон баг хамт олноо шинэ шатанд манлайлах арга барилд суралцсан гэх мэт.  Маш олон зүйлийг хийж 19 настай залуу өөрийгөө гололгүйгээр сонирхсон зүйлээ одоо л хийе гэсэн уриатайгаар явж байна. Миний илтгэлээс та бүхэн хэдэн зүйлийг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Та шалтаг гаргадаг уу? Тэгвэл одоо боль. Та мэдэхгүй зүйлээ хийгээд ажлаа халтуурдаж байгаа юм биш биз? Тэгвэл одоо судла. Та дуртай зүйлээ олсон уу? Тэгвэл одоо эхэл.  Энэ таны эх орондоо оруулах хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг байх болно, Иргэн манлайлагч бол Улс манлайлагч.

“ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 1-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Н.УУГАНБАЯР