“ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 2-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Д.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ цагт эх орныхоо нийслэл Улаанбаатар хотын төвөөс жаргах нар түүний туяанд гэрэлтэн хөвөх үүлсийг ажин уг эссег бичиж сууна. Маргаашийн нар тунгалаг, үдийн тэнгэр цэлмэг байх нь ээ.

Намайг бага байхад “помидорон хацарт” гэж хочилдог байлаа. Даарахаараа эсвэл ичихээрээ час улаан болоод “бүр гялалзаж байна гээч” гэх үгсийг олон хүнээс сонсож билээ. Харин эх орон Монголын минь ирээдүй түүнээс ч илүүгээр тод гялалзахыг би хүсдэг. Мэдээж түүний төлөө миний оруулах хувь нэмэр байна гэдэг хэчнээн бахархам хэрэг вэ?

Хувь нэмэр оруулах гэж яривал маш олон зүйлийг нэг бүрчлэн бичих хэрэгтэй болов уу, харин миний хувьд одоогийн харах өнцгөөсөө чухал болон яг л эдгээр зүйлсийг хийж чадна хэмээн үзсэнээ буулгалаа.

             1. Шударга байдлыг эхэнд

Харвард болон бусад нэр хүнтэй олон их дээд сургуулиудын лого дээр “Veritas” буюу шударга ёс гэсэн үг байдаг. Энэ үгийг харах болгонд сургуулийн эд эс болсон оюутан бүр зайлшгүй шударга байх ёстой гэсэн сануулгыг өгөхийн тулд ингэж бичсэн болов уу. Хувь хүний зүгээс хамгийн эхэнд эх орондоо нэмэр болох зүйл бол энэ гэж би боддог. Хэнтэй, хаана ч байсан, автобусанд суусан ч, алхаж явсан ч үргэлж “шударга ёс” гэх зүйлийг эрхэмлэхийг хичээдэг. Яг үүнийг одоо сайн сурч чадвал 10 жилийн дараа байх газар, хийх үйлс бүрд минь шударга байдал шингэх нь эх орны ирээдүйг мөн цэвэр байлгахад дөхөм болох буй за.

             2. Өөр өнцгийг эрэлхийлэх

Танидаг Солонгос хүн маань нэг удаа “Солонгос хүмүүс энэ стакантай усыг хараад яаж хийвэл илүү гоё харагдаж, хүмүүст гоё мэдрэмжийг өгөх бол гэж боддог. Харин Монголчууд юмыг яг байгаагаар нь л харж, хүлээж авдаг. Энэ л бидний ялгаатай байдал” гэж хэлж байсан юм. Үргэлж шинийг эрэлхийлнэ гэдэг хамгийн гайхалтай зүйл. Түүний нэг тод жишээ Монгол залуус газраа ухаж биш тархиа ашиглаж дахин дэлхийн талыг эзлэхэд бэлэн болоод байна. M Plus, W Plus зэрэг зөвхөн Монгол хүн гэлтгүй аль ч орны хүний хэрэглэж болох апп-уудыг бүтээж дэлхийд шинэ хуудас нэмж байна.[1] Түүгээр ч үл барам С.Эрдэнэболдын санаачилсан “Марс” төсөл эхэлж дэлхийн хүмүүс Марс гараг дээр очсон мэдрэмжийг авахын тулд Монголд ирнэ гэнэ.[2] Яг үүнтэй адилаар мөрөөдлөөсөө илүүг мөрөөдөж, энгийн байдлаас шинийг эрэлхийлэх нь миний хувьд Монголдоо хувь нэмэр оруулах нэг алхам.

             3. Цуцашгүй зүрх зориг

Монголын нууц товчоон дээр Чингис хааны отгон хүү Тулуйг Татарууд хулгайлах гэж оролдох үед хажууд байсан 13-хан настай боол охин гараас нь зуурч, хоргоож байх үед Зэлмэ, Жадай нар ирж тэднийг жадалж алсан байдаг. Уг явдлын дараа хэн нь хааны отгон хүүгийн амийг аварсан бэ гэсэн хурал хийгдэхэд Зэлмэ, Жадай нар бид очоогүй байсан бол хан хүүг аль хэдий нь аваад явсан байх бус уу гэхэд Чингис хаан өчүүхэн жаахан гэхгүй өөрийн зүрх зоригийг гаргасан энэ охин отгон хүүгийн минь амийг аварчээ гэсэн байдаг. Жак Ма  Алибабаг анх үүсгэн байгуулахад компьютер гэдэг зүйл Хятадын засгийн газраас өөр газар байдаггүй байж.  Тэр бүү хэл интернэт гэдэг зүйлийг ч мэддэг хүн тун ховор байсан цаг. Хүмүүс онлайнаар худалдаа хийх цаг ирнэ гэвэл шоолж байсан хүмүүс нэг хоёроор зогсохгүй байсан байх. Сингапурын анхны ерөнхий сайд Лим Гуан Юныг Англид сургуулиа дүүргээд эх орондоо ирэхэд Их Британичууд  дөнгөж цэргээ татаж байжээ. Энэ газарт Сингапур улсыг заавал байгуулна гэж түүнийг хэлэхэд олон улсын  судлаач шинжээчид ганц ч цэрэггүй энэ нэг арал дээр тусгаар тогтносон улс бий болох боломжгүй гэж байсан. Гэхдээ тэр няцаж ухралгүй зүтгэсний хүчинд Азийн хамгийн том эдийн засаг болон бусад салбараараа хөгжсөн бар улсын суурь тавигдсан юм. Нэг хүнд оногдох ДНБ-ийхээ тоог хамгийн хурдан өндөрт өсгөж чадсан улс.

             Яг үүнтэй адилаар залуу хүн бас энэ оронд төрж өсөж буй иргэн хүний үүднээс ээлтэй, сайн зүйл бол юу ч бай түүнийг оролдож туршиж үзэх эр зориг байваас ирээдүйн өдөр бүрийг өнгөтэй байлгаж чадна хэмээн итгэдэг. Энэхүү эсээг бичиж буй минь ч үүний нэгэн жишээ билээ.

             4. Хайр

Төгсгөлд нь хайр. Миний хувьд Хятад хэлний хичээл аваад 1 сар гаруй болж байна. Хятад хэлэнд хайр гэдэг үгийг “愛” энэ ханзаар тэмдэглэдэг. Уг ханзанд салхи, бороо гэсэн ханзнууд орсон байдаг ба энэ талаас өөрийн бодлоор ухаад үзвэл ямар ч хэцүү нөхцөлд байсан хайрыг үзүүлж чадах нь жинхэнэ хайр мөн юм. Магадгүй хайр гэж ярих үед шашинлаг байдлаар ойлгогдож болох ч энэ дэлхий дээрх хамгийн агуу зүйлс болон бүтээлүүд хайр нь дээр үндэслэгдсэн байдаг. Эх орноо хайрлах нь үүнд багтах эд эс, байгаль орчин, хүн болоод амьтныг хүртэл хайрлахаас эхлэлтэй. Эх орондоо хийж болох хамгийн энгийн мөн агуу хувь нэмэр бол энэ юм. Хайрлах гэдэг өөрийн эрх ашгаас өмнө бусдынхыг бодох цаашлаад хүндлэл, хүч чадал, өөдөө дээшлэх урам гээд тэр бүгдийг багтаасан агуу зүйл билээ. Хайр байх газар бүх зүйл сайн байдаг. Энэ ойлголтод түшиглэн өдөр бүрийн амьдралдаа хайрыг шингээх дараах утга агуулгатай. Би хэдий шинжлэх ухааны шинэ нээлт хийж, өндөр татвар төлж, Монголын нэрийг дэлхийд гаргаагүй байлаа ч гэсэн бусдад тэгэх урам зоригийг өгнө гэдэг юутай сайхан байх билээ.

             Монгол улс… энэ улсын иргэн болон энэ цаг үед төрнө гэдэг ямар нэгэн учиртай. Тийм учир олон бодол, санаа, итгэл мөн найдвар дотор минь асаж заримыг нь хэзээ нэгэн цагт хийнэ харин үлдсэнийг нь өнөөдөр хийнэ гэсэн итгэлээр өдөр бүрийн амьдрал маань өрнөж байна. Магадгүй энэ итгэл маань өөртөө хийгээд эх орондоо оруулж буй хувь нэмэр мөн түүний эхлэл байх. Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди нэгэнтээ “Улс эх орон минь надад юу хийж өгөх вэ биш би эх орныхоо төлөө юу хийх вэ гэж асуу” гэж хэлсэн байдаг. Эх орондоо оруулах хувь нэмэр энгийн зүйлээс эхэлнэ. Дээр дурдсан дөрвөн зүйл нь Өнөөдөр Чингисийн талбай дээр харин маргааш Time Square-ийн гудамжаар алхаж явлаа ч эх орондоо юу хийх вэ гэсэн асуултыг хариулт хайн урагшлахыг хүснэм.

            Монгол хүмүүний сэтгэлд эх орныхоо төлөө гэрэлтэх алтан наран халуунаар ээж байна. Монголын маргаашийн тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байх нь ээ!

ЭХЛЭЛ МОТИВАЦ”-Н НЭРЭМЖИТ ЭССЕ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ 2-Р БАЙРЫН ЯЛАГЧ: Д.НАНДИН-ЭРДЭНЭ


[1] С.Эрдэнэбаярын “Харвардад хэрхэн суралцах вэ?” лекцээс оруулав.

[2] С.Эрдэнэбаярын “Харвардад хэрхэн суралцах вэ?” лекцээс оруулав.