Хүмүүс андуурдаг. “Би хэзээ ч хүний дор орохгүй” гэж.
Тэгээд үүнийхээ төлөө үхэн хатан тэмцдэг.
Гэвч нэг биш нэлээд хэдэн хүний дор явж байгаагаа дотроо мэдэж л байдаг.
Уучлаарай.
Чи хүний дор орно.
Бусдын сүүдэрт дарагдана.
Дээрэлхүүлнэ, доромжлуулна, гутаагдана, доог тохуу болно.
Тэр ч бүү хэл хог шороо шиг үзэгдэнэ.
Гэхдээ ийм замыг туулахгүйгээр чи тэсвэр хатуужил сууна гэж бодож байна уу?
ҮГҮЙ!
БОЛОМЖГҮЙ!

Хэр зэрэг хүчтэй цохиж чаддаг чинь биш харин хэр хүчтэй цохилтыг дааж чадах чинь чамайг хэн бэ гэдгийг тодорхойлно.
Бусдын дор орохгүй гэсэн зөрүүд муйхар үзлээр юм бүхэнд хандаад байвал чи нэг л мэдэхэд амьдралын тоглоомын адаг ёроол руу хаягдана.

Яг л далайн давлагаа хог хаягдлыг эрэг рүү алгуурхан гаргаж хаядагтай адил.
Буулт хийх үедээ буулт хий!
Хүлцэх үедээ хүлц!
Тэвчих үедээ тэвч!
Гэхдээ зөвхөн эргэж босохын тулд…
Зөвхөн тохиромжтой цаг иртэл…
Зөв нүүдлээ хийх тэр боломж бүрэлдэн бий болтол тэвчээртэй хүлээж сур.

Хүлээж сурсан хүн л хүссэнээ авч чаддаг юм.
Битгий яар бас адга!
Чадна гэдэгтээ чи эргэлзэхгүй бол чадахгүй гэх бодлууд замд чинь саад болж чадахгүй.
Өмнөө тавьсан зорилгодоо үнэнч, тууштай бол чи заримдаа буулт хийж, тэвчиж, логик дараалалтай, учир зүйтэй, ухаантай хөдлөхөөс ухарч няцахгүй.
Энэ бол байх л ёстой зүйл.
Тэвчээртэй байснаараа чи илүү хүчирхэг болно.
Доромжлол, басамжлал, гутаалт, үл тоосон өрөөсгөл хандлагыг тэвчин өнгөрөөж чаддаг болсноороо чи тэднээс нэг биш нэлээд хэдэн алхмаар түрүүлж эхэлнэ.
Буулт хийж сурснаараа чи амьдралын аз жаргалыг жинхэнэ ёсоор мэдэрч чаддаг болно.

Яг үнэндээ хүн гэдэг амьтан гэнэн байхаас, хэн нэгэнд хууртагдаж ашиглагдахаас, бусдад хэт итгэхээс, хүний төлөө байхаас маш их айдаг.
Хэн нэгэн намайг ашиглах вий, завших вий, мэхлэх вий, хуурах вий, өөртөө үр ашиггүйгээр бусдад тус болчих вий гэж байнга боддог.
Яг одоо жаахан тайвшир
Тэгээд бодоод үз.
Гэнэн байснаараа, хүнд ашиглагдсанаараа, хүний төлөө байснаараа чи алдана гэж боддог бол энэ бодлоо ор тас март.
Гэнэн цайлган сэтгэл, өрөвч зөөлөн зан, хүний төлөө хариу нэхэхгүй байх, өгөх ёстой зүйлийг өгөх ёстой газар нь өгч сурах, бүх зүйлд авахын төлөө биш өгөхийн төлөө хандах нь чамд хэзээ ч муу зүйл авчрахгүй..

Хэн бусдад үл итгэнэ, хардана, сэрдэнэ, гагц өөрийн ашиг хонжоог эрэлхийлнэ тэр яг л “Харх” мэт амьдралын ёроолд хог шавхайтай хутгалдан амьдардаг.
Амьдрал тэмцэл боловч сэтгэл ханамж, утга учир, үнэ цэн бас чухал гэдгийг хэн ойлгоно тэр урагшаа тэмүүлж аз жаргалтайгаар инээмсэглэж байдаг.
Яг одоо нөхцөл байдал чиний бодсоноос өөр байгаа бол жаахан тайвшраад бүгдийг ойлгох гээд үз. Эргэцүүл. Тунгаа.
Чиний хэн бэ гэдгийг тэд мэдэхгүй байсан ч хайрла.
Тэдэнд өг.
Тэдэнд туслах гэж оролд.

Цаг хугацаа хязгаартай
“Чи яаж амьдарсан бэ?
Чи яаж хайрласан бэ?
Чи хэрэгтэй юу?” гэсэн гурван асуултанд хариулах гээд үзээрэй.
Яг одоо чамд цаг хугацаа хэмээх гайхалтай баялаг байна.
Гэвч энэ цаг хугацаа хязгаартай.

Үүнийг л хэзээ ч битгий март!