Зөвхөн ухаалаг байлаа гээд амжилтанд хүрэх үү? Ур чадвар, мэдлэг бүх асуултын хариулт мөн үү?

Ажил олгогчид өмнө нь байгууллагадаа шинэ хүн авахдаа нэг л зүйл дээр анхаардаг байсан. Санах ой, аналитик сэтгэлгээ, математик чадварыг хэмждэг оюун ухааны итгэлцүүр буюу IQ тест.

Харин орчин үед хүний өөрийгөө илэрхийлэх түвшин, харилцааны чадварыг хэмждэг сэтгэл хөдлөл, харилцааны итгэлцүүр болох Emotional quotient (EQ)-д илүүтэй анхаардаг болжээ.

Хүний оюуны чадамж (IQ), харилцааны ур чадвар (EQ), дасан зохицох чадвар (AQ), биеийн (PQ) болон сэтгэл зүй, оюун санааны хүчтэй байдлыг (SQ) илэрхийлдэг итгэлцүүр зэрэг 10 гаруй коэффициент байдаг аж. Эдгээр нь тус бүрдээ хувь хүнийг тодорхойлох нэгэн хэмжигдэхүүн болдог юм. Ингээд IQ, EQ-тэй эн тэнцүү чухалд тооцогдож буй дасан зохицох чадварын хэмжигдэхүүн буюу AQ (adaptability quotient)-г танилцуулж байна.

AQ нь бэрхшээлийг даван туулах зүтгэл, өөдрөг байдал, зориг эрмэлзлийг харуулдаг итгэлцүүр юм. Дасан зохицох чадвар багатай хүн гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэл хөдлөлд хэт автдаг бол AQ өндөр хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хат, хичээл зүтгэлээрээ даван туулж удирдагч болж чаддаг.

Харвардын багш нар бизнесийн ангийн оюутнуудынхаа AQ-г хөгжүүлэхэд онцгой анхаардаг аж. Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банк Goldman Sach-н дэд захирал Натали Фратто технологийн Старт-ап компаниудад дасан зохицох чадвар юунаас ч илүүтэй чухал болохыг TED-н илтгэлдээ онцолж байсан.

AQ нь гагц шинэ мэдээллийг шингээх чадвар биш, харин аливаа зүйлийн уялдаа холбоог олж, мэдлэгээ ялгаж ангилан, бэрхшээлийг даван туулах, өөрчлөлтийг ухамсартайгаар хийх чадвар гэж тэр хэлсэн юм. Дасан зохицох чадварт уян хатан байдал, сониуч зан, асуудлыг шийдэх чадварууд ч мөн багтана.

Бүх юм хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед AQ нь карьерын өсөлтөнд IQ-ээс илүү чухал үүрэг гүйцэтгэж чадах эсэхийг тунгаацгаая.

Та сайн нягтлан бодогч байлаа гэж бодьё.

Ур чадвар, IQ тань ажлын ярилцлагыг амжилттай давахад туслах боловч хамт олонтойгоо ойлголцож, үйлчлүүлэгчтэйгээ холбоо тогтооход EQ чадвар зайлшгүй хэрэг болно.

Магадгүй олон жилийн дараа таны ажлыг компьютер нүд ирмэх зуур хийдэг болчихвол та яах вэ? Эсвэл ажлын чадамжаа алдвал та юу хийх вэ?

Одоо байгаа мэдлэгээ ашиглан шинэ чадварыг эзэмшихэд AQ буюу дасан зохицох илтгэлцүүр нэн чухал.

Саяхан IBM-ийн хийсэн нэгэн судалгаагаар дараагийн 3 жилд 120 сая ажлын байр автоматжиж төдий тооны хүн ажлын байргүй болох магадлалтай байгаа. Хэдийгээр техник технологи хурдтай хөгжиж бидний амьдралыг хялбар болгож байгаа ч үүнийгээ дагаад олон ажлын байр үгүй болж, хүмүүс дасан зохицох, хурдтай өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Энэ бүхэн биднийг оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцааны чадваруудаас гадна дасан зохиоцох чадвараа хөгжүүлэхийг шаардаж байгаа.

Тэгвэл яаж AQ-гээ хөгжүүлэх вэ?

Судалгаагаар менежерийн ихэнх нь “Уян хатан, эрч хүчтэй, өөрчлөлтөнд бэлэн байх нь нэн чухал” гэж үзэж байна. Хэдийгээр AQ-г хэмжихэд хэцүү боловч хөгжүүлэх боломжтой юм. Сониуч зантай, зоригтой хүмүүс дасан зохицох чадвар өндөр байдгийг Австралийн BKindred боловсролын компанийн үүсгэн байгуулагч Пенни Локасо(Penny Locaso) хэлсэн. Тэрээр дасан зохицох чадвараа хөгжүүлэх дараах аргуудыг санал болгож байгаа юм.

AQ чадвараа хөгжүүлэхээр туршилт хийх нь:

1-рт: Анхаарлаа олон зүйлд бүү сарниул. Зүгээр л энэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож, юу хийх ёстойгоо сайтар бод, төвлөр

2-рт: Шинэ боломжуудад үргэлж нээлттэй байж, нөхцөл байдлыг өөр өөр өнцгөөс харахыг хичээ

3-рт: хэрэв шинэ хамт олонтой болж, өөрчлөлт хийж байгаа бол асуухаас эмээж буй асуултаа зоригтой асууж, айдсаа багасга

4-рт: Толгойг тань хамгийн ихээр өвтгөж буй асуудлуудаа хайлт хийж цаг хугацаагаа үрэхээс илүү ярилцаж шийд.

Эх сурвалж: bbc.com